Хайрын шүлгэн захиа /Рэнцэнсамбуу/

Хайрын захиа #2
Орчлонг гийгүүлэх наран үүлийн цаагуур оржээ.
Орыг нь аваад саран уудам тэнгэртээ мэлтийжээ.
Ороо хүсэл минь тэнүүчилж, унаган нутгаа зорижээ.
Огторгуйг мөрлөн ниссээр уруул дээр чинь буужээ.


Амьсгал урин хаврын одод түгсэн шөнөөр
Амгалан нойрондоо бүүвэйлэгдэн унтаж л байна уу? чи минь.
Аль эсвэл намайгаа одоохон ирэх вий гэж догдлон
Амьсгаа даран чагнаж уртхан шөнийг барна уу?

Унт даа, янаг минь унт. Зүүдэндээ намайгаа тэвэр.
Учралын халуун үгсээ зүрх сэтгэлдээ шивнэ.
Ухаангүй дурлалын тэнгэртээ долгион болгон цац.
Урсгал бүхнийг нь би тархиндаа хүлээж авъя.

Долоохон цагийн зөрүүтэй энэ холын нутгаас
Дулаахан янаг үгсийг эрхи шиг хэлхэн илгээв ээ.
Зүрхнийхээ халуун шивнээг үүл дамнуулан нисгэж
Зүүдньи чинь зайг эзэгнэн унтах нойронд чинь золгов оо.

Санасан мөрөөссөн сэтгэл Сайн байна уу?-гаар ханах уу?
Саргар бичиг дурайсан цагаан цаасанд цадах уу?
Чанд хатуу итгэл л хувирахыг мартан хүлээх ээ.
Чанадад одсон дурлалын хугацаагуй болзоонд зогсох оо.

Санасаан санасан чамайгаа, сартай хамт санасан.
Сансарт түгсэн оддын сиймхий дунд санасан.
Найр тавьсан хаврын нартай хамт санасан.
Найргаа дуншиж тортол наалинхай чамайгаа санасан.

Дэргэд нь байхдаа мэдээгүй дэндүү хайрыг чинь угуйлсэн.
Дэмийрч гомдоохноо мэдэх дэггүй аашаа зэмлэсэн.
Хажууд нь байхдаа мэдрээгүй ханийн түшгийг ойлгосон.
Хамтад нь дандаа байлгадаггуй ханшгүй цагийг зүхсэн.

Зүдэг энэ орчлонд хүн болж төрснөөс
Зүхээд зүхээд яах вэ, хувь тохиолоо дагахаас.
Зүү нь ээрэхгүй цагийн нэг л алтан тохиол
Зүүд зөнг давхцуулан намайг чамтай учруулна аа.Тэгэхэд

Амар мэндээ мэдэлцэн уулзах хичнээн сайхан.
Амьсгал амьсгалаа мэдрэлцэн үнсэх хичнээн гайхам.
Амраг хайртаа шатан учрахаа гэдэг...
Амьдралаа би чамаас өөр илүүг нэхэх үү дээ.

Яг энд одоо есөн цаг цохиж байна.
Янаг минь чи орондоо юу зүүдлэн нойрсоно вэ?
Хайраар ивэлсэн тэнгэрийн найраган хуранд согтон
Халуун хөнжил дотроо намайгаа тэврэн хэвтэнэ үү?

Унт унт хайрт минь, зүүдээ буу хулжаа.
Уруул дээрээ наадах зөгийг бүү үргээ.
Чиний баланд согтсон ч зүгээ тэр алдахгуй.
Чиг барин ниссээр зүрхэнд минь ирж нойрсоно оо.

Зүрхэнд тодхон дүрийг чинь харж л санаж л явна.
Зүүдэнд ойрхон биеийг чинь хайрлаж л тэвэрч л явна.
Зүйтэй халуун хайраа дуулж л шүлэглэж л явна.
Зөвтэй буруутай орчлонд дурлаж л шатаж л явна.

Хүсэл хайр тээсэн хуудасхан энэ цаас
Хясал учрал тэнцүү хорвоог туулаад очно оо.
Хэврэгхэн биедээ багтамгүй баяр жаргалыг гардуулах
Халуухан зүрхийг минь төлөөлсөн элч болох нь лав аа.

Эрдэм ном шингэсэн духан дээр нь үнсье.
Эрхэлж талимаарч ширтсэн нүдэн дээр нь унсье.
Энгүй хайрыг амтлан уруул дээр нь үнсье.
Эгэл заяандаа жарган эрүүн дээр нь үнсье.

Бусдын гар хүргэмгүй хүзүүн дээр чинь үнсье.
Булбарай зөөлнөөр илбэдэх хөхөн дээр чинь үнсье.
Бурхан бүтээсэн гайхамшиг хүйсэн дээр чинь үнсье.
Булчинт бодийг дуудах хэлүүн дээр чинь үнсье.

Үнсье үнсье чамайгаа, үнсээд үлгээд хаячихъя.
Үзсэн харсан амьтан өнгөрөөд явахаар болгочихъё.
Өөрөө очсон хойноо өөд нь татаад авна аа.
Өрөөлийн нүдийг унатал өнгөлж дагуулаад явна аа.

Бичээд бичээд дуусахгүй хайр гэдэг агуу юм.
Бийр бэхэнд шингэн хайлна гэдэг сайхан юм.
Өндөрлөе ингээд зогсъё, аялах дуугаа завсарлая.
Үргэлжлэх яруу айзам аяндаа дахиад ундарна аа.

1993 оны 3-р сарын 2-ны үдшийн 19 цаг 40 минутад гарчиглав./ Братислав-ийн цагаар/
эх сурвалж даяар.мн
0 Responses